2006 оны 12 сарын 11 | |
Ийм үгийг би АНУ-д ирсэнээсээ хойш нэг их удалгүй сонссон юм . Ерөнхий сайд асан Ц . Элбэгдорж яг энэ үгийг сонссон тэр өдөр Оакландад ирсэн юм . Тэр хавийн Монголчууд цуглаж Элбэгээ ч баахан буу халж дараа нь нэг бяцхан хирнээ авъяасын тэсрэлт үү дээ энэ чинь гэж дуу алдмаар урлагийн цомхон тоглолт болоод тарцгааж байтал миний хажууд хоёр эрхэм уулзалдаж байнаа . -За юу байна даа ? -Өө юү байхав дээ . Гамбираа тараагаад л өнөөдөр амардаг юм уу гэсэн чинь энэ нэг хоёр хэнхэг юм ир гээд тэгээд л явж байна гэж ярилцлаа . Ярьж байгаа эрхэм хүнийг би танихгүй л дээ . Харин хэнхэгээрээ дуудуулж байгаа “Хоёр юмыг” нь бол муухан таньдаг болоод байсан юм . Тэр нь Бэй Ариагийн Монголчуудын холбооны тэргүүн Ш.Баатар, Замдаан сонины Д.Цэрэндорж хоёр л доо . Зайлуул даа ингэж дуудуулан дуудуулан гүйж явах ч гэж дээ гэсэн харуусал төрөөд өнөө хоёрыг харцаараа хайтал нэг л их чухал ажилтай улс микрофон, элдэв утас шөрмөс цуглуулах, эвхэх, за тэгээд хөгжим ачих энэ тэр гээд л хөлсөө ч шудрах завгүй харайлгаж яваа харагдана. Дээр нь өөрсдийнх нь цалинждаг ажил гэж бас байх шүү дээ гэж бодлоо. Тэр явдал ч тэгсгээд өнгөрсөн хирнээ мартагдсангүй. Яагаад ч юм Хаданд халтирдаггүй баатар, харавсан суманд оногддоггүй баатар тэр юү вэ гэсэн оньсого санаанд орлоо. Миний үеийнхэн шоргоолж гээд дор нь л таах энэ оньсгыг одоо үеийнхэн нэг их амар таахгүй ч байж мэднэ л дээ. Шоргоолж харавсан суманд оногддоггүй юм байж . Харин нөгөө хоёр хэнхэг, мунхаг үгийн тавьсан суманд оногддог л байх даа гэж бодоод дараа нь нэг таараад асуухнээ -Өө тэгцгээж л байдаг юм гээд огт тоогоогүй . Өнөө ч хэлүүлдгээрээ хэлүүлээд л гүйлдэж яваа бололтой юм билээ . Үг байгаа онохдоо үхсэн хүнийг ч хэсэг зуур өндийлгөх чадалтай гэж хэзээ ч билээ уншсанаа санаж байна. Тэгвэл амьд хүнийг сүг болгох бол энүүхэнд гэсэн үг . Харин хэнхэгүүд маань сүг болсонгүй Гэвч сэтгэл тархи мэдрэлийнх нь хичнээн эс урам хугалахын мунаар цохиулж үхсэн болдоо гэх бодол надад төрдөг юм. Тэгсгээд хуучирч Америкжаад ирсэн чинь тэр хоёр шиг хэнхэгүүдийн сураг энд тэндээс сонсогдож эхэлдэг байгаа. Вашингтон Ди-СИ-д Ганзоригууд, Дэлгэрцогт, Аюуш, Саруул-Эрдэнэ энэ тэр гээд зөндөө хэнхэг байдаг гэсэн, Денверт Байка, Зулаа, Нараа, Дүүрэн гээд бас цөөнгүй, ЛосАнжелест Батхуяг, Ширчин, Чикагод Гэрэлээ, Баяраа за тэгээд хот болгон Монголчуудын холбоо гэсэн даруухан нэр дор нуугдаж байдаг өөр өөрийн хэнхэгүүдтэй аж. Тэр ч бүү хэл энэ “нүгэлт” вирусээр өвчилсөн монголчууд Англи ,Япон , Австрали ,Өмнөт Солонгост бас байдаг аж . Цааш нь бодоод байсан чинь энэ өвчин гэнэт л ДОХ шиг гараад ирчихсэнгүй ээ . Монголчуудын цусанд эртнээс байсан болж таараад байна . Хасбуу тамгаа атгаад монголыг нэгтгэж харийг сөгтгөх гэж зөрүүдлэсэн Лигдэн хутагт хаан энэ өвчнөөр өвчилсөн төдийгүй түүнд энэ вирусыг дээд өвөг Чингис эзэн хаан нь халдварлуулсан гэдэг нь одоо нэгэнт нотлогдсон үнэн юм. Ойрмогхоны жишээ татахад Чин ван Ханддорж гэж нүгэлтэй хэнхэг нэгэн байсан юм. Түүний хүү Түвдүүдэд туслаж хэнхэглэж яваад амиа алдсан. Манжийн хаан Ханд ванг Бээжинд дуудаж Ордондоо ирүүлмэгц өмнө нь бүтээлэгтэй том цартай зоог тавьж л дээ . Царны бүтээлгийг хуулахад хүүгийнх нь толгойг нүдийг нь хараатай чигээр нь хуйхлаж чанаад тавьсан байж .Ханд ван харин царайгаа хүрлийлгээд юү ч хэлээгүй ч шанаа түүшин нь гүвэлзсэн л байж таарна. Тэндээс буцахдаа Жанчхүүгийн даваан дээрээс арагшаа эргэж хараад “Энэ даваанаас хойш Хятад шаахайны мөр гаргахгүй”гэж тангаргалсан гэдэг. Хүүгийнхээ өшөөг авна гэж хэлсэнгүй. Хүрээнд очоод хоёр Хятад ална даа гэж занасангүй. Мөн нүгэлтэй муухай хэнхэг байгаа биз. Элж дуусах нэгэн биеэ байтугай эгнэгт залгах удам угсаагаа хүртэл үрэн байж дээд өвөг хэнхэгүүд маань энэ эрх чөлөө, тусгаар тогтнолыг бидэнд авчирсан юм . Ингэж хэнхэглэсний ач буян гэж бас байдаг юм шүү. Хамгийн ойрхоны жишээ авахад л бид АНУ-гийн виз авах гэж Бээжинд юм уу, Москвад байдаг энэ улсын элчингийн босгыг элээгээгүй билээ. Энэнийг хүртэл өвөг дээд хэнхэгүүд маань тооцчихсон юм шиг загнасан байгаа юм. Би яагаад энэ өвчнийг хэнхэг гэж нэрлээд байна вэ гэвэл нэгдүгээрт тэр гамбир тараадаг “Ихээ мэдлэг боловсролтой” болов уу гэмээр эрхэмийн үгийг яг тэр чигээр нь хадгалахыг хүссэнийх, хоёрдугаарт гэвэл ийм хүмүүс үнэхээр зүгээр сууж чаддаггүй нэг үгээр үнэхээр л хэнхэг тусчихсан байдгаас тэр л дээ. Ард түмэнд эрх чөлөө олгоно гээд л харайлгана. Олгосон эрх чөлөөгөө эдлүүлнэ гээд л дэвхцэнэ. Дээр нэр нь гарсан Элбэгдорж л гэхэд бас нэг хэнхэг . Ерэн онд элдэвлээд хэнхэглээд гүйлдээд байсан хэдийн нэг шүү дээ. Харин эд бол -Даргаа нөгөө Дарьбазар гэдэг чинь энэ шүү дээ гэж хэлдэг бас л нэг төрлийн хэнхэгүүдийг эсэргүүцэж босдог хэнхэгүүд нь шүү дээ. Харин өөрсдийгөө хэнхэг бус эв эрүүл гэж боддог хүмүүс дотор их сүүдэр бий шүү. Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй чив чимээгүй барлайж байгаад Чен-И гэдэг Хятад хэнхэгтэй нийлээд 64 зүйл гэрээ гэгчийг гаргаж ирсэн Шанзав Бадамдорж, Монголыг ЗХУ-д нэгтгэе гэж бас л чив чимээгүйн гүнээс төлөвлөгөө зохиосон бас нэг өөр төрлийн хэнхэг өвчин байдаг юм шүү. Бурхан харин өнөөгийн хэнхэгүүдийн талд байсандаа юм уу эсвэл энэ хэнхэгүүд үнэхээр хүчтэй хэнхэглэж чаддаг байсан нь яамай даа гэж би өнөөдөр залбирч байна. За Баатар, Цэрэндорж ч гэдэг юм уу тэр Саруул-Эрдэнэ ч гэдэг юм уу эд бол нэгэнт зартай хэнхэгүүд . Гэтэл хэдхэн хүн мэддэг хэнхэгүүд бас байнаа. Манай Дейтон хотод Энхбаатар, Насаа гэж хоёр хэнхэг байлаа. Хөөе наадмаа яах вэ, за энэ ёолкоо аятайхан хийчихнэ шүү, хүүхдүүдээ монгол хэлийг нь мартуулчихав аа гээд л хэнхэглээд явна . Нэг өвөл дүү бүсгүй маань төрөөд манайх шинэ хүнтэй болчихоод байж байлаа. Хэдхэн хоноод ёолк болох гэж байсан үе . Нэг орой хүн хаалга тогшлоо. Онгойлготол манай хоёр хэнхэг баахан тоглоом барьчихсан бас болоогүй Санта-Клаусын хувцас өмсөөд сахал үсийг нь намируулчихсан орж ирээд нүдний нулимас цийлэлзүүлээд хаячихаж байгаа юм. Ингээд энэ хоёрыгоо дагаад ер нь нэг хэнхэглээд үзэе гэж шийдлээ. Ёолк зохион байгуулав аа чи минь. Манай хотынхон сайхан хүмүүс цөөхүүлээ ч юм. Гэхдээ мөнгөө өгцгөөгөөд л таг чиг болчихно гэж бодож байна уу ёстой гонж. Орой болонгуут утас амраахгүй хөөе тийм юм тэндээ ийм юм эндээ байвал гоё шүү л гэнэ. Нөхөөр тэрийг тэгж энийг ингэхээ мартаваа чи л гэнэ. Хүлээсэн өдөр болж ёолкоо хийж гарав аа. Даруучууд маань идэж уугаад л бүжиглээд л тас тас инээлдээд л, халамцсан нэг нь ёстой баярлалаа сайхан болж байна гэж ирж үнсээд л харин бидний гурван хэнхэг юун ууж идэх мантай. Хэнхэглэж гүйсээр байгаад таарлаа. Гэвч хүмүүс тарсны дараа хөглөрч гүйцсэн албаны өрөөг цэвэрлэж байхдаа нөгөө хоёр хэнхэгийн маань нүд гялалзаад л өөрсдөө л идэж ууж, баярлаж цэнгэчихсэн юм шиг хөөрцгөөхийг нь үзээд өрөвдөөгүйгээрээ өрөвдөж билээ. Гэтэл бид гурав дал наяадхан хүнд ганц удаа хэнхэглэсэн нь энэ. Хэдэн зуун хүнд жилд хэдэн удаа хэнхэглэнэ гэдэг тэгэхээр бага хэнхэглэл үү. Ийм л алба залгуулж хэнхэгээрээ дуудуулсан цөөн бус хүн байх юм. Цаг үе гэдэг түүх юм. Маргааш болонгуут л өнөөдөр түүх болно. Өнөөгийн хэнхэгүүдийн маань үүрэг дэндүү даруу санагдаж болноо. Тэднийг Чин ван Ханддоржтой, жанжин Сүхбаатартай зүйрлүүлэхийн аргагүй байж болноо. Тэр ч бүү хэл тэд Бат-Үүлийн хэнхэглэлийн дэргэд дэндүү даруу хэнхэглэж байж бас болноо. Би үүнийг бүгдийг нь зөвшөөрнө . Харин маргааш болоход хүүхдүүд чинь өнөөгийн ёолкийг санаж байвал, наадам, цагаан сар гэж нэг юм болдогийг мэдэж байвал, эх хэлээ мартаагүй байвал монгол гэдгээрээ бахархаж байвал өнөөгийн энэ хэдэн хэнхэг хэргээ бүтээжээ гэсэн үг . Энэ бол бага хэнхэглэл огт биш юм шүү. Гагцхүү тэднийг дэмжээд өмнө хойно нь орж далбаганаж гүйхээ байг гэхэд элдэв хар хор, гашуун үгийн мунаар балбахгүй л байвал том тус даа Харин миний хувьд харьд яваа ч юм уу эх орондоо тарвалзаж байгаа арван монгол тутмын ядахдаа дөрөв нь хэнхэг тусчихаасай гэж залбирч явдагаа нуумааргүй байна. Тэр ч бүү хэл үлдсэн зургаагийнх нь хаа нэгтэй хэнхэгийн вирус нууц үедээ орчихсон урвалжиж байгаасай гэж даварч боддогоо ч нуумааргүй байна. Эцсийн бүлэгт хэнхэгүүдийн нуруун дээр бөх биш харин ихийн их ачаа байгаа ч гэсэн хэнхэгүүд улам өнөр олон болоосой Монголоо гэх хэнхэг өвчин үеийн үед эмчилгээгүй гэгдэн дархлагдаж байгаасай. Өнөөгийн хэнхэгүүд минь та нартаа баярлалаа. Хүрээгээ тэлж хүчирхэгжин хэнхэглэх болтугай . Хэнхэглэл мандтугай Зохиолч Д.Энхболд /Чикаго Энэ өгүүллэг надад их таалагдсан болохоор "даяармонгол" сайтнаас авч тавьлаа. |
Friday, August 24, 2007
Хэнхэгүүд
Subscribe to:
Posts (Atom)