Thursday, August 16, 2007

Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг харааж нулимж байвч
Тэнгэр шиг бай
Хамгийн сайн хүмүүн гэж
хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай
Тэнэгүүд бүгдээр чамайг сургавч
Тэнгэр шиг бай, дуугүй дүнсийх...
Тэврээд бүгдээр үнсэвч
Тэнгэр шиг бай, аниргүй мэлтийх...
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчихаагүй цагт бүү зов
Гүтгэж доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай
Өвчин зовлонд нэрвэгдэж тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март
Тэнгэр шиг бай

No comments: