Friday, October 12, 2007

Өөртөө итгэлтэй байх.....

Өнгөрсөнд алдсан алдаа оноо бүхэн одоогийн минь амжилт бүтээл байдаг гэдэгт би итгэдэг.

Anthony Robbins
Хэрвээ та ямар ч эрсдэл хүлээхгүй бол хожим үүнээс илүү их эрсдэл хүлээх болно.
Erica Jong


Бие сэтгэлийг эрүүл байлгах нууц бол өнгөрснийг бодолгүй, ирээдүйд санаа зовохгүй, зөвхөн одоогоороо ухаалгаар амьдрах явдал юм.
Buddha
Өөрийнхөө хүсэл мөрөөдөлд итгэлтэй яв. Өөрийнхөө бодож төсөөлснөөрөө амьдар.
Henry David Thoreau
Бүх зүйл бидний бодсон бодлын үр дагавар байдаг.

Buddha

Бидний хүч чадал бид хүчгүй гэдгээ мэдсэнээс үүсдэг юм.
Ralph Waldo Emerson
Айдсаас айлгүйгээр өөрийн хүч чадал, зориг, хүслээ байнга сэлбэж бай. Өөрийн чадахгүй гэсэн зүйлээ заавал хийж бай.
Eleanor Roosevelt

Ирээдүй гэдгийг сайхан мөрөөдөлд итгэх гэж ойлгох хэрэгтэй.
Eleanor Roosevelt
Одоо цаг мөчид болж байгаа зүйл бүхэн таны өнгөрсөнд сонгосон сонголт тань байдаг.
Deepark Chopra
Амжилт гаргаж буй хүмүүс л мөнгө олдог. Харин мөнгө олдог хүмүүс амжилт гаргадаггүй. Зөвхөн амжилт мөнгийг дагуулдаг.
Wayne Dyer
Алдаа бол амжилтын эхлэл юм.
Henry Ford
Цөхрөлтгүй оролдлогын үр дүнд ялалт ирдэг.
Napoleon Bonaparte

Манлайлагчийг зөв сонгох нь

“Удирдагч хэн байх ёстой вэ?” гэдэг нь “Дөрвөл хамтлагийн гоцлооч хэн байх вэ?” гэдэгтэй адил асуулт юм. Мэдээж хэрэг гоцлон дуулж чадах хүн нь л шүү дээ.
Генри Форд

Бямба гаригийн өглөө би Охаяа мужийн Цинциннатад залуучуудад хичээл заадаг байсан юм. Байнга л насанд хүрэгчдэд хичээл ордог байсан болохоор үнэнийг хэлэхэд энэ бол хялбар ажил байлаа. Хичээлээ заахдаа би чөлөөтэй байдаг байсан. Хичээл бүрийн дараа би тэр багт байгаа хүмүүсээс эерэг цэнэг авдаг байлаа.

Яг 24 цагийн дараа ням гаригийн өглөө нь би дахин нэг хичээл заах болсон юм. Харин тэр үед сонсогчид маань насанд хүрсэн хүмүүс биш дөрвөн настай хүүхдүүд байлаа. Өмнө нь би хичээл заахдаа чөлөөтэй тайван байдаг байсан ч энэ удаа бага зэрэг сандарч байсан юм. Ангид орж ирээд оролцогчдын анхаарлыг төвлөрүүлэхээр хичээж байхад дөрвөн настай жаахан охин турьхан гараараа хүзүүнээс минь зүүгдээд салахгүй байсан тул тэр чигээрээ л хичээл заах болсон юм. Энэ бол миний хувьд өмнө нь хэзээ ч үзээгүй зүйл байлаа.

Миний очдог байсан сүмийнхэн энэ ангид хичээл заах багш хайж аргаа барахдаа намайг ням гаригийн өглөө хичээл заагаач хэмээн гуйсан юм. Цэцэрлэгийн олон багш урьд жил нь тэтгэвэртээ гарсан болохоор багшлах газар олон байсан ч багш ховор байлаа. Хичээл зааж байхдаа би шинээр олон зүйлтэй учирсан ч түүндээ сэтгэл ханамжтай байсан юм. Тэр бол миний хийх ёстой ажил биш байсан ч би тэнд хичээл заасан юм. Багшлах нь миний хийдэг л ажил хэдий ч ийм хүмүүст хичээл заах нь өөр чадварыг шаардаж байлаа.

Бизнесийн олон байгууллага болон нийгэмлэг холбоод, Засгийн газрын байгууллагууд хүртэл хүний асуудлаа орхигдуулах явдал байдаг. Байгууллагын тодорхой нэг хэсэгт нэн даруй шийдэх хэрэгцээ гарахад яг түүнд зориулсан авьяас чадвар, боловсрол мэдлэг бүхий мэргэжилтэнгүй байх нь бий. Тиймээс ч манай сүм шиг хувь хүмүүсийг сайн дураараа тэр ажилд тохирохгүй байсан ч түр хугацаагаар ажиллахыг гуйдаг.

Байгууллагууд ихэнхдээ манлайлагчаа сонгох хэрэгцээтэй хямралын байдалд байдаггүй л дээ. Гэхдээ яг тэр үедээ тэд шийдвэрлэх алдаагаа хийдэг. Тэд төрөлхийн удирдах авьяастай эсвэл насаар ахиу, илүү туршлагатай, хүн удирдахаас өөр авьяас чадвартай хүмүүсийг анзаардаггүй. Учир нь тэд химийн инженер, багш, худалдагч зэрэг мэргэжилийн хүмүүс л сайн захирал, сайн хичээлийн эрхлэгч, сайн худалдааны менежер болно гэж бодоцгоодог. Тийнхүү хандаж байгаагаараа тэд бодит байдлыг үл ойшоодог. Тэр нь насанд хүрсэн хүн хүүхэд хоёрт хичээл заах шиг ажил гүйцэтгүүлэх, түүнийг удирдах хоёрын ялгааг мэдээгүй хэрэг л дээ.

АНУ-ын хамгийн том компани болох “Женерал элекрик” компанийн Гүйцэтгэх захирал хийж байгаад тэтгэвэртээ гарсан Жак Вэлч бол байгууллага зөв хүнээ манлайлагчаараа сонгосны тод жишээ юм. Гэвч Жак Вэлчийг “Женерал элекрик” компанийн Гүйцэтгэх захирлаар томилох асуудал дүрэм журмын дагуу хийгдээгүй юм. Тэрээр ажлын гараагаа химийн инженерээс эхэлсэн юм. Тэр компанидаа “Буруу замаар явж байгаа ойворгон халуун толгой” гэдэг хочтой байжээ. Энэ хоч хуучинсаг үзэлтэй “Женерал элекрик” шиг уламжлалтай компанийн удирдагч болж болох хүний хувьд сайн зүйл бишээ. Гэвч Вэлч нөгөө талаараа өөрийн хамт ажиллаж байгаа багаа шинэ өндөрлөгт хүргэж чаддаг, хүнийг дагуулан хөтөлж чаддагаараа алдартай байлаа. Энэ нь “Женерал элекрик” компанийн өмнөх Гүйцэтгэх захиралуудаас ялгарах гол онцлог нь болж байсан төдийгүй энэ ч чанараараа компанид шинэ үеийг авчирна гэдэг итгэл төрүүлж байв.

1981 онд Вэлч “Женерал элекрик” компанийн Гүйцэтгэх захирал болсон юм. Энэ компанийг толгойлсон хорин жилийн хугацаанд нүсэр, хөшүүн, үзэл сурталд дарагдсан компанийг хамгийн эрчтэй, хөдөлгөөнтэй дэлхийн компани болгож чадсан юм. Түүний ажил авч байсан эхний жилд “Женерал элекрик” компани арван гурван тэрбум ам долларын үндсэн хөрөнгөтэй АНУ-ын долоо дахь компани байсан юм. Харин өнөөдөр “Женерал элекрик” дөрвөн зуу гаруй тэрбум ам долларын үндсэн хөрөнгөтэй АНУ-ын хамгийн том компани болсон юм. Гүйцэтгэх захирал гэсэн нэрээрээ тэр дэлхий дахинаа хүн бүрийн таньдаг манлайлагч болсон юм. Тэр бүү хэл Японд хүртэл үндэсний баатар мэт нэр хүндтэй болж чадсан юм. Вэлч Генри Форд шиг аугаа зохион бүтээгч, Билл Гейтс шиг аугаа хөрөнгө оруулагч байгаагүй ч бизнесийн бэлэг тэмдэг болж чадсан юм. Хэрэв “Женерал элекрик” компани дөрвөн зуун хоёр мянган ажилчдынхаа дотроос Вэлчийг олж сонгоогүй бол, нөгөө талаар Вэлч жирийн нэг химийн инженерээрээ ажилласан бол өнөөдрийн “Женерал элекрик” ямар өөр байх байсан бол гэдэг асуулт хүн бүрийн гайхлыг төрүүлэх бизээ.

Танай байгууллага ажилчид болон сайн дурынхандаа тэдний авьяасыг тодруулах зорилгоор зөв нөхцөлтэй холбож тусалдаг уу? Танай байгууллагын дүрэм журмууд ажилтнуудынхаа нас, туршлагыг л илүүд үзэж байгалиас заяасан удирдах авьяастныг удирдах албан тушаалд томилох боломжийг боймолсон байдаг уу? Танай байгууллагад удирдах ажилтан хэрэгтэй болоход хүнтэй ажиллах хүсэлгүй хүмүүсийг тэр албан тушаалд тавих явдал байдаг уу?

Энэ долоо хоногт танай байгууллага удирдах албан тушаалтнуудаа хэрхэн сонгодог, хэрхэн томилдог талаар бод. Удирдах ажилтнаа сонгох үйл явцдаа жинхэнэ удирдах авьяастай хүмүүсийг олж бурхнаас өгсөн тэр бэлгийг ашиглах боломжийг хангаж өгдөг эсэхийг өөрөөсөө асуу. Удирдлагын дөрвөлөө сонгохдоо орчноо мэдэр. Лучиана Поваротти хажууд чинь байхад баргил хоолойгоор дуулдаг хүнийг гоцлон дуулаач хэмээн бүү гуй.